Үр бүтээмжтэй ажиллах нь буюу “помодоро” техник.
Сайн байцгаана уу, миний блогийг уншдаг та бүхэнд намрын эхэн сарын мэнд хүргэе. Төд удалгүй байгаль дэлхий олон өнгөөр туяарах мөч айсуй. Айраг ууж суунгаа нүдээ баясгахад бэлдээрэй.
Зургыг https://pixabay.com
За энэ удаагын ээлжит нийтлэлээрээ цагийн менежментийн хамгийн хялбар техник болох “Помодоро”-ийн талаар бичнэ. Хэрэв та олон цагаар компьютер эсвэл ширээний ард сууж ажлаад ч үр бүтээмж муу, гараас гарсан зүйлгүй мөртлөө цаг маш хурдан өнгөрчихсөн, бие хөшиж, ядарсан мэдрэмж мэдэрдэг бол энэхүү техникийг өөрийнхөө хийх ёстой ажил бүр дээр туршаад нэг үзээрэй.
Зургыг https://pixabay.com
Үүсэл түүх
Помодоро техникийг анх програм хангамжийн инженер, бизнес эрхлэгч Франческо Кирилло оюутан байхдаа олж нээсэн бөгөөд тэрээр энэ талаараа ингэж хэлжээ:
“Өдөр бүр би сургуульруугаа явж, хичээлдээ сууж, хичээлээ хийгээд буцаад гэр лүүгээ явах гэх мэтээр өөрөө яг юу хийгээд байгаагаа ойлгохгүй их урам хугардаг байлаа. Шалгалтын өдөр нэг л мэдэхэд болчихсон, надад цаг хугацааны эсрэг авах ямар ч арга байхгүй юм шиг санагддаг байсан. Тэгээд би өөртөө 10 минутын турш анхаарлаа төвлөрүүлэх зорилт тавихаар шийдсэн”. - Франческо Кирилло.
Зургыг https://pixabay.com
Помодоро гэдэг үг нь Итали хэлээр “улаан лооль” гэдэг үг бөгөөд ингэж нэрлэх болсон шалтгаан нь зохиогч нь хичээлээ хийж байхдаа гал тогооны хэрэгсэл болох улаан лооль хэлбэртэй цагийг ашиглаж тодорхой хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг байсантай холбоотой. Уг техник нь ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэгжүүлэхэд хялбар гэдгээр нь олон хүн мэддэг байна.
Ажиллах зарчим
Та өөрийн хийх ёстой ажлуудынхаа жагсаалтыг гаргасны дараа 25 минутын хугацаанд буюу 1 помодород сонгож авсан ажлаа хийнэ. Нэг помодоро дууссаны дараа 5 мин амралт авна. Энэ хооронд аяга цай уух, ширээнийхээ араас босож дасгал, хөдөлгөөн хийх зэрэг үйлдлүүдийг хийж болно. Гэх мэтээр 4 помодоро хугацаа явж дууссаны дараа 15-30 минутын урт амралт авна. Эдгээрийг жагсаалтанд оруулаад бичвэл.
- Нэг помодоро хугацаанд хийх ажлаа сонгох.
- Помодороогоо эхлүүлэх 25 минут.
- Помодороогоо дуустал сонгож авсан ажлаа л хийх.
- Помодороо дуусахад, цаасан дээр помодоро дугаараа бичэж үлдээх.
- Хэрэвээ помодоро дугаар чинь 4-өөс бага бол 5 минутын богино амралт аваад дараа нь алхам 2-оос эхлэх.
- Хэрэв помодоро дугаар чинь 4 болбол 15-30 минутын урт амралт авсаны дараа помодоро дугаараа 0 болгоод алхам 1-ээс эхлэх.
Мөрдөх дүрэм
- 25 минутын турш зөвхөн тухайн сонгож авсан даалгавартаа бүх анхаарлаа хандуулах.
- Помодорог тодорхой хэсгүүдэд хувааж болохгүй. Жишээ нь помодоро хугацааны эхний 13 минут өнгөрч байх хооронд зогсоогоод өөр зүйл хийчихээд ахиж цагаа үргэлжлүүлж болохгүй!.
- Хэрэв помодоро хугацаанд хэн нэгэн ямар нэг хүчин зүйлээс болж таслагдан зогссон бол ахиж шинээр помодоро эхлүүлэх.
- Хэдий таны хийж байгаа зүйл помодоро дууссанаас хойш хэдхэн минутын дотор дуусчих боломжтой ч гэлээ үргэлжлүүлэн ажиллаж болохгүй!.
- Помодоро дуусч сэрүүлэг дуугарахад та цаасан дээр помодоро дугаараа тэмдэглэчихээд 5 минутын богино амралт авах.
- Хэрэв помодоро дундуур хэн нэгэн таныг сатаарах зүйл хийсэн бол тэрийгээ тэмдэглэх - өөрийн хүчин зүйлээс болж сатаарсан тохиолдолд дундуур зураас ( - ). ‘ гадны нөлөөтэйгөөр сатаарсан тохиолдолд апостроф ( ‘ ).
Завсарлага авах
Нэг помодорогийн дараа 5 минутын богино завсарлагыг авах нь таны тархийг амраахаас гадна дараагийн помодород илүү үр дүнтэй ажиллах боломжийг олгоно. Богино болон урт амралтын хугацаанд тархи ажлуулсан төвөгтэй зүйлсийн талаар бодохгүй, хийж байсан ажлаасаа хөндийрөөд кофе уух, нүдний дасгал хийх, дасгал хөдөлгөөн хийх, ариун цэврийн өрөө орох зэрэг зүйлсийг хийж болно.
Зургыг https://pixabay.com
Дөрвөн удаагийн помодорогийн дараа та урт завсарлага авах хэрэгтэй. Энэхүү завсарлагаар боломжтой бол гадаа гарч агаар амьсгалах алсын бараа ширтэх, 10-15 минут унтаад сэрэхэд тархи болон бие маш сайхан амарсан байна.
Зургыг https://pixabay.com
Дүгнэлт
Энэхүү цаг төлөвлөлтийн техникийг хэн бүхэн бүх төрлийн ажил албадаа хэрэгжүүлж бүтээмжээ ихэсгэх боломжтойгоос гадна хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэг нь харагдаж байна. Тайлбарлавал, удаан хугацаагаар ажлын ширээнээс хөндийрөлгүй суух нь нурууны суулт үүсэх, хөл ба мөрний булчин чангарах гэх мэт олон асуудлыг дагуулдаг. Харин уг техникийн дагуу ажиллавал 25 минут бүр босч дасгал хөдөлгөөн хийж болзошгүй өвчлөлүүдээс сэргийлж болно.
За ингээд энэ удаагийн блогоо энэ хүрээд дуусгая. Цаг гаргаж уншсан та бүхэнд баярлалаа.
Б. Бат-Орших